Зуны цагт аялахад таатай Монголын үзэсгэлэнт 10 нуур

2,741 total views, 1 views today

Зуны халуун өдрүүд үргэлжилж, аялал зугаалгад цаг гаргахад тохиромжтой энэ үед бид та бүхэндээ Монгол орны үзэсгэлэнт байгалиудаас танилцуулж байна. Энэ удаад та бүхэндээ аялахад тохиромжтой 10 үзэсгэлэнт нуурын танилцуулгыг хүргэж байна.

1. Тэрхийн цагаан нуур

Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог:

Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байдаг. Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодисонд боогдон үүссэн цэнгэг уст нуур. Урт нь 16 километр, хамгийн өргөн нь 6 километр бөгөөд 61 ам километр талбайтай. 20 метр гүнтэй, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.  Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна. Домог нь: Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэдэг.

 

2. Тэлмэн нуур
Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог:
Завхан аймгийн Тэлмэн, Нөмрөг сумын заагт толиорон цэнхэртэх нуурыг Тэлмэн хэмээдэг. Уг нуурын урт нь 26, өргөн нь 12, гүн нь 27 км, нуур дунд торойх гурван авгаш аралтайгаа 194 км талбайг эзлэх агаад далайн төвшнөөс 1700 гаруй метр өндөрт оршдог байна. Нутаг усныхан нь болон Хотгойд ястнууд “Тэлмэн ээж”, “Нуур ногоон Тэлмэн” гэлцдэг. Нутгийнхан өдгөө ч найр наадмын үеэрээ дуулах нэгэн ардын дуунд Нуур ногоон тэлмэнд нутаглаж суух сайхан Нутгийн олон та нартайгаа уулзаж суух сайхан Ханагар ногоон Тэлмэнд хаваржиж суух сайхан Хайртай жаахан чамтайгаа уулзаж суухад сайхан гэж магтан дуулдаг байна. Эх сурвалж: http://thinkingtrip.blogspot.com/2016/08/blog-post_22.html

 

3. Баян нуур

Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог:

Баян нуур нь Завхан аймгийн Сантмаргац сумын нутаг дэвсгэр дээр байрлах цэнгэг уст нуур. Нуурын өмнөд эрэг нь элсэрхэг тул илүүдэл ус үүгээр шүүгдэж, үүний ачаар цэнгэг устай байдаг ажээ. Баян нуур нь хэдийгээр бага талбайтай боловч Монголын цэнгэг уст нууруудаас эзлэхүүнээрээ 6-д жагсдаг. Нуурын тэн хагас нь 20 м гүнтэй бөгөөд гуравны нэг орчим нь 30 м гүнтэй. Найман хувь нь 40 м гүнтэй. Тус нуур нь өвөл хөлдөх бөгөөд 1.5 м зузаан мөсөн бүрхүүл тогтдог. Зуны улиралд нуурын гадаргын температур 17 – 25°C, 20-25 метрийн гүнд 8°C орчим байна.

 

4. Хяргас нуур

Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог:

Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин километр, хамгийн урт нь 75 километр, өргөн 31 километр, дундаж өргөн нь 19 километр, усны мандал нь далайн төвшнөөс дээш 1028 метр өндөрт оршино. Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учрахас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Тэдгээрийн дотор хамгийн том нь Нуурын шугам бөгөөд 7 километр байдаг бол Чацарганы шугам нь 4 километр, Могойн шугам нь 5 километр байдаг.
Нуурын эргээс жаахан гүн рүү ороход 40-50 метр хүртэл гүнзгий болно. Хамгийн гүнзгий нь Чацарганы шугам орчимд 80 метр хүрнэ. Хяргас нуур нь гүн эзлэхүүн зэргээрээ Их нууруудын хотгорын бусад нуураас хавьгүй томд тооцогдоно. Хар ус нуурын системийн дотор хамгийн нам дор орших том нуур бөгөөд Алтайн хангайн уулархаг нутгаас эх авч Их нуурын хотгор руу урсах бүх голуудын төгсгөл болно. Алтайн нурууны зүүн ба хойд хажуу, Хангайн нурууны баруун хажууг бүхэлд нь хамарсан 170 мянган хавтгай дөрвөлжин уудам нутгаас усжина. Энэхүү талбайгаас эх авсан гол горхинууд Их нууруудын хотгорын бүлэг нууруудаар дамжсаар эцэстээ Айраг нуурт очиж, тэндээс Нуурын хоолой гэдэг ганц хоолойгоор Хяргас нуурт цутгана.
Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд нуурын мандал асар их ус ууршуулах давсны уусмалаар ханасан байдаг. Түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд Айраг нуурыг  Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно. Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмэсийн рашаан хэмээх амралт сувиллын газар бий. Дотор өвчин анагаах рашаан байхаас гадна шаврыг нь эмчилгээнд хэрэглэдэг.  Хяргас нуурын савдаг нь нэгэн том хөх бух байдаг хэмээх домогтой. Тэр бух намар бүр нуурын гүнээс урамдан гарч ирэн аль нэгэн айлын хотонд очно, бух очсон тэр айлын үхэр өсдөг юм гэнэ лээ” гэсэн домог бий. Хэцүү хад: Аймгийн төвөөс зүүн урагш 230 километр, Завхан сумаас 60 километр зайд Хяргас нуурын зүүн хэсэгт усан доогуур 5-7 километр үргэлжлэх 20 метр өндөр хадан цохио байх бөгөөд түүнийг Хэцүү хад гэнэ. Тэрхүү хадны зарим орой нь уснаас цухуйн гарч арал мэт сүртэй харагдана. Тэрхүү цухуйж гарсан орой нь усны шувуудын диваажин бөгөөд тэнд үүрээ засаж өндөглөнө. Оросын жуулчин А.В.Бурдуков “Хэцүү хад бол байгалийн гойд сонин тогтоц, үзэсгэлэнт сайхнаараа Монголд хоёрдогч нь юм” хэмээн өөрийн тэмдэглэлдээ бичжээ. Хяргас нууранд Алтайн сугас, осман, монгол хадран, хайруус, шар загас зэрэг элбэг тул Хэцүү хаданд үүрээ зассан шувуудын гол хоол тэжээл болдог. Хэцүү хад рүү хүрэх нуурын эрэг орчмын зам сул элс, дэржигнүүр ихтэй тул мосттой машин унаа хэрэглэх нь тохиромжтой.

 

5. Увс нуур
Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог:
Увс нуурын Дархан цаазат газар нь Улаангом хотоос 36 км-т оршино. Увс нуур нь Монголын хамгийн том нуур нийт 3350  га талбайтай, уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км. Гүн нь 12-15 м, зарим газраа 29 м хүрнэ. Эргийг нь дагаж тойрвоос 450 км урт. Нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагиль, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгана. Сүүлийн 100 жил нуурын ус нэмэгдэх төлөвтэй байна. Увс нуур д.тд 759м буюу төв Азийн гадагш урсгалгүй их нууруудын хотгорын хамгийн нам цэг бөгөөд Дорно, Өмнө, Өмнөд Ази Австрали руу нүүдэллэдэг нүүдлийн шувуудын амьдрах орчны нэг хэсэг юм.
Нуурын хойд үзүүр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давст тэнгисийн үлдэгдэл ажээ. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд нүүдэллэн амьдарна.
Экологи
Увс нуурын орчмын экосистемийн нуур орчимд өндөглөх болон зусдаг усны шувуудын амьдрах өвөрмөц орчин бөгөөд намрын цагт Төв Азийн усны шувуудын гол цуглаан үүсгэдэг. Увс нуур давстай бөгөөд  1 литр усанд 18.7 гр-н агууламжтай, бөгөөд энэ нь сульфат, натрийн ионуудаас бүрдэнэ.. Нуурын хөвөө хужир, давс элбэгтэй, зэгс, дэрс, бут, сөөг, өлөн, шагшуурга, бургас, улиас зэрэг ойтой учраас малын бэлчээрт нэн тохиромжтой.
Тус нуур нь 10 сараас 5 сар хүртэл хөндөх бөгөөд зуны цагт гадаргын температур 25°C, ёроолын температур 19°C байдаг.
Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг, шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн нүүдлийн шувууд дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. 29 төрлийн загас байх бөгөөд үүнээс алтайн сугасыг (Oreoleuciscus potanini) барьж идэх боломжтой.
Увс нуурын ай сав
Төв Азийн гадагш урсгалгүй ай савын босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён оргил юм.
Увс нуурын ай сав нь Сибирь, Төв Азийн газарзүй-уур амьсгалын зааг дээр байрладаг тул температурын маш их хэлбэлзэлтэй: өвөл −58°C хүрч байхад зун 47°C байх жишээтэй.
Увс аймгийн нутаг дэвсгэр дэх, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог, Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэнээсээ төдий л алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамарсан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат газар болгосон.
2003 онд Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг нэрээр “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” хэмээн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.

 

6. Хагийн хар нуур
Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог: 
Хүний хөл хүрээгүй онгон дагшин байгаль, Нуур уул болон модон дунд орших тул өглөө оройдоо тун үзэсгэлэнтэй, намаг чийг ихтэй.

Ан амьтан: Бодон, баавгай, хандгай, алган загас, зурхай загас

Аялах тохиромжтой улирал:
– Зун (Тохиромжтой улиралд тооцогдоно. 7 болон 8 сард явахыг зөвлөх байна. Ганц асуудал нь 7 сард ялаа, шумуул, хөх түрүү маш ихтэй. Мөн борооны улирал тул намаг шалбааг элбэг.)
– Намар буюу 9 сар (Хүйт орохоос өмнө ялаа, шумуул багатай байх тул аялах хамгийн таатай улирал гэж бодож байна. Дулаан хувцас, зузаан цамц, өмд авч явахаа мартав.)
– Өвөл (Энэ улиралд гол хөлдсөн байдаг тул ихэвчлэн машинтай аялал хийдэг.)

Үзэх боломжит газрууд:
– Мэдээж хэрэг хагийн хар нуур 
– Хагийн хар нуураас цааш 20 гаруй км яваад 3 нуур болон Естийн рашаан гэж байдаг. Нэг аялсаных халуун рашаанд ороод буцаарай гэж зөвлөх байна. Мориор нуураасаа цаашаа 1 өдөр явж хүрдэг.

 

7. Хөвсгөл далай
Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог: 
Одоогоос 7 сая орчим жилийн өмнө үүссэн нуур. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр зэрэг сумдын нутгийг дамнан, Мөрөн хотоос хойш 101 километрт оршино. 2760 ам километр талбайтай, 34-36 километр өргөн, 136 километр урт, 262 метр гүн нуур бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог. Эргийн шугамын урт нь 414 километр,  усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт ордог. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд нийт 5300 ам километр талбайгаас усжина. Дэлхийн цэнгэг усны 1%-ийг эзэлдэг. Нуурын ёроолын талбайн 70% нь 100 метрээс илүү гүн байдаг. Сибирийн хадран, зэвэг зэрэг 12 зүйл загас амьдардаг. 11 дүгээр сарын сүүлийн хагас гэхэд бүрэн хөлддөг бөгөөд мөсний зузаан 1 метр болдог.
Эргэн тойрон сүрлэг өндөр уулсаар хүрээлэгдэх бөгөөд баруун урд талаараа 3000-3200 метр өндөр Хорьдол сарьдагийн нуруу, Баяны нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын хажуу эрэг эгц цавчим байдаг. Зүүн талаараа арай налуу эрэгтэй. Хөвсгөл нуурын баруун талд нь Дархадын хотгорын ай сав оршдог. Дархадын хотгор бол Монголын хамгийн хүйтэн газруудын нэг юм. Хөвсгөл нууранд Модон хүй, Хадан хүй, Далайн хүй, Бага хүй гэсэн 4 арал бий. Эдгээрээс хамгийн том нь  “Далайн хүй” арал бөгөөд усны мандлаас 126 метр өндөр, 3 километр урт, 2 километр өргөн, 5.8 ам километр талбайтай, битүү ой модоор хучигдсан байдаг.  “Хадан хүй” арал нь өндөр өндөр хясаатай тул шувууд их цугладаг. “Модон хүй” нь онцгой сайхан байгальтай. Усны тунгалагшилт нь 24.5 метр байдаг. Эргийн хаданд хүрлийн үеийн сүг зурагнууд бий.

 

8. Улаагчны хар нуур 

Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог: 

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм. Аймгийн төвөөс 110 км, Эрдэнэхайрхан сумаас хойш 80 км зайд оршдог. Эргэн тойронд нь Товхошийн сүрлэг уулс бий.

Улаагчны хар нуурын гүн нь 48 метр, урт нь 30 км, өргөн нь 5-10 км байдаг бөгөөд нуурын голд д.т.д 2500 гаруй метр өргөгдсөн их бага гурван Авгаш арал байдаг нь нүүдлийн шувуудын үүр болдог.

Жилд 13 орчим төрлийн нүүдлийн шувууд тус нуурыг зорьж ирдэг ажээ.

 

9. Хар зүрхний хөх нуур

Байгалийн үзэсгэлэнт байдал, онцлог:

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй Хар зүрхний Хөх нуур оршдог. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн тевшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.

Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг.

Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.

Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/%D0%A5%D0%B0%D1%80_%D0%B7%D2%AF%D1%80%D1%85%D0%BD%D0%B8%D0%B9_%D1%85%D3%A9%D1%85_%D0%BD%D1%83%D1%83%D1%80

10. Өгий нуур

Өгийнуур сум нь Архангай аймгийн зүүн зүгт орших сум юм. 1618 км2 газар нутагтай, далайн түвшнээс дээш 1327-1665 метр өндөрт өргөгдсөн, хуурай дулаан уур амьсгалтай, тал хээрийн бүсэд багтдаг. Сумын төв нь аймгийн төв Цэцэрлэг хотоос 100 км, Улаанбаатар хотоос 360 км зайд оршино. Тамирын гол ба Орхон голын уулзвар орчимд байрлах тус сум нь Өгий нуурын нэрээр нэрлэгджээ.

Эх сурвалж:  https://mn.wikipedia.org/wiki/%D3%A8%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%D1%83%D1%83%D1%80_%D1%81%D1%83%D0%BC

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэл